Бааварын үйл хөдлөл камерийн бичлэгт үлджээ

Mngtv | 5:54 PM |












Баавар өөрийгөө шатаасан уу, аль эсвэл өрөөнд гал гарч түлэгдсэн үү. Энэ асуудлын эргэн тойронд ээдрээтэй олон хариулт бий. Харин хэний буруутай үйлдлээс болж тэр түлэгдэв. Үүнд хэн нэгний эрх ашгийн төлөө бус болсон явдал, бодит байдлыг илчлэх үүднээс хорих ангийн өрөөнд юу болсныг баримтжуулан хүргэе.

Хар тамхины хэргээр хоригдож байсан Ш.Батбаяр буюу Баавар нь хоригдож байхдаа гуравдугаар сарын 23-ны 12,30 цагийн орчимд түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Өдгөө тэрбээр эрчимт эмчилгээнд хамрагдаж биеийнх нь байдал харьцангуй дээрдэж буй. Харин гал хаанаас гарч, Бааварыг хэн түлэв гэдэг асуулт хариулт нэхэж хаа нэгтэйгээс дүгнэлт хүлээж байсан юм.

Тэгвэл гал гарсан шалтгааныг шинжээчид тогтоож үнэн зөвийг дэнслэв. Цагдан хорих 461 дүгээр байрны В-2-7 тоот өрөөнд түймэр гарсан нь ил галаас үүдэлтэй аж. Ил гал гэдэгт лаа, зул, бамбар, тамхи, чүдэнзний болон халуун цогтой үнс нурам зэрэг ордог байна. Шинжээчийн дүгнэлтэд “Тус өрөөнд гарсан галын байдал, шаталтын явц зэргээс үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байна /Ил гал гэдэгт лаа, зул, бамбар, тамхи, чүдэнзний болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг орно/.

Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байжээ. Уг камерийн өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй байна” хэмээсэн байна.

Учир нь тус өрөөний гэрэлтүүлэг ханандаа бэхлэгдсэн зузаан шилэн бүрхүүлтэй, гал гарсны дараа ч өрөөний гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байжээ. Мөн хяналтын камерын утсыг далд монтажаар хийсэн тул ил гал авалцах боломжгүй, хорих өрөөнд гарсан гал түймэр нь хүний үйл ажиллагааны нөлөөнөөс үүдэлтэй хэмээн тогтоожээ. Гал түймэр нь өрөөний баруун урд хэсгээс өнцгөн  хэлбэртэйгээр тархсан бөгөөд гал гарсны дараа хоригдогч Ш.Батбаярыг өрөөнөөс гаргахад агаарын солилцооны улмаас гал улам дэгдэж, хорих өрөөний хананы зөөлөвч бүрэн шатсан байна.

Галын дүгнэлтийг үйлдсэн шинжээчид өнгөрөгч баасан гаригт энэ талаар холбогдох байгууллагуудад мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Бааварын өөрийнх нь хэлсэнчлэн “цахилгааны утаснаас оч үсэрч өрөөнд гал гарсан” бус, харин ч хэн нэг нь санаатайгаар уг галыг тавьсан байх магадлалтай гэнэ. Хэдийгээр хорихын ажилтнууд Бааварыг сахилгын өрөөнд оруулахдаа шаардлагатай үзлэг, нэгжлэгийг хийсэн гэж байгаа боловч хамт хоригдож байсан хүмүүсийн мэдүүлсээр Баавар нь цэнхэр өнгийн “Оригиналь асаагуур” гэсэн бичигтэй асаагуурыг биедээ авч явдаг байсан, түүгээрээ ариун цэврийн цаас болон гарт тааралдсан зүйлсээ асааж уушиглах буюу мансуурдаг байсан байна. Учир нь түүнийг сахилгын өрөөнд хорих үед хорихын ажилтнууд биедээ авч явж байсан тамхийг нь хураасан байжээ. Харин гал гарч хорихын ажилтнууд Бааварыг саатуулах өрөөнөөс гаргасны дараа дээр хэлсэн цэнхэр өнгийн асаагуур өрөөний гадна талаас олджээ. Тиймээс асаагуурыг хэнийх болохыг тодруулахаар шинжилгээнд өгөөд байгаа юм байна.

Ямартай ч одоогоор хорин ангийн дэглэм зөрчиж, камерт галтай оруулсан, үзлэг нэгжлэгийг дутуу хийсэн гэдэг үндэслэлээр тус хорих ангийн дэд дарга болон хорихын төлөөлөгч нийлсэн долоон хүн хариуцлага хүлээж, ажлаасаа халагдаад байгаа юм.

Шинжээчдийн дүгнэлтээр Бааварын өрөөнд гал авалцсан болон түүнийг өрөөнөөс гаргаж, галыг унтраах хүртэл дөрвөн минут орчмын хугацаа өнгөрчээ. Тэгэхээр Бааварын өөрийнх нь хэлсэн болон гэр бүлийнх нь мэдээлж байгаа шиг “Гал гарснаас хойш 20 минут өнгөрний дараа хорихынхон өрөөг онгойлгосон”, “Авраарай” гэж хашгирахад “Баашилж байна” гээд хаалга онгойлгоогүй гэх мэт мэдээллүүд эндээс үгүйсгэгдэж байгаа бололтой.

Ш.Батбаяр буюу Бааварын хувьд өмнө шалгагдаж байсан хар тамхины хэрэг нь доод тал нь хоёр жилийн ялтай. Харин хорих ангид гал тавьсан хэрэг түүнтэй холбоотой болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 153.2 буюу бусдын өмч хөрөнгийг галдан шатаах замаар санаатайгаар устгасан гэх хэргээр доод тал нь таван жилийн ял авах болоод байна.



Category: ,

Хэрэглэгч та ! :
Кино үзэхээсээ өмнө мэдээний хажууд гарж байгаа зар дээр дарж сайт-аа дэмжээрэй 1 даралт 1 сэкүнд шаардана шүү дээ :) Баярлалаа.